Albert Einstein: Science is the most precious heritage of mankind/АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН: ШИНЖЛЭХ УХААН БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАМГИЙН ҮНЭТ ӨВ


"Чи бидэн шиг хүмүүс хэдий бусад шиг амьдардаг ч хэчнээн урт наслаад ч хөгшрөхгүй нь. Онож төрсөн энэ хувь заяаныхаа их нууцын өмнө бид хэзээд сониуч хүүхэд шиг л байна" . ...  -63 насныхаа ойгоор Эйнштейний найз Отто Юлиусбургертаа бичсэн захидлаас.... 

Орчин цагийн физикийн ухааны эцэг гэх алдар зөвхөн Альберт Эйнштейнд (1879-1955) л хамаарна. Тэрбээр онолын их физикч төдийгүй цаг үеийнхээ аугаа сэтгэгч, төр, нийгмийн зүтгэлтэн байв. Түүний үзэл баримтлал, санал, таамаглал зэрэг нь шинжлэх ухааны бусад салбарт  үлдэж нөлөөлсөн  билээ. Эйнштейнийг таалал төгсөөд бүтэн жаран улирсан ч бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй сэтгэгчийн нэг хэмээх байр суурь нь хэзээ ч ганхахааргүйгээр батжижээ.
Шинжлэх ухааны ертөнцөөс зөвхөн түүний үгийг л үе үеийн сэхээтнүүд хамгийн их эш татдаг. Хэлээ гаргасан алдарт зургаас нь дутахааргүй түгсэн Эйнштейний ёжтой, ончтой үгс хэзээд шинэхнээрээ байдаг. Тиймээс ч Эйнштейнийг “эшилж дуусдаггүй эрдэмтэн” хэмээдэг ба түүний онч үгсийг 30 гаруй жил цуглуулсан Принстоны их сургуулийн судлаач Алис Кэлэпрайс анх 2005 онд "Эйнштейнээс эш татах нь" хэмээх ном хэвлүүлснээ саяхан шинэчилж 300 гаруй үгээр нэмж баяжуулжээ. Харьцангуйн онолын эцгийн нийт 1600 орчим онч үгийг багтаасан эл ном 600 гаруй хуудастай бөгөөд нэг хүний үгийг дангаар нь эмхтгэсэн афоризмын анхны цогц, одоогоор хамгийн том бүтээл болж байна. Уг номонд багтсан их эрдэмтний 1955 онд Принстоны их сургуулийн сонинд өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
(Уншигчидад зөвлөхөд:
-Эйнштейний зарим үзэл нас ахих тусам өөрчлөгдсөн
-Тухайн цагийн нөхцөл байдлаас шалтгаалан зориуд ёжтой, тэрслүү үг хэлдэг байсан
-Шинжлэх ухааны физикчийн нүдээр харсныг нь энд түлхүү тусгасан зэргийг анхаарна уу)

Физикийг мэргэжил болгосон хүний хувьд  Та шинжлэх ухааныг хэрхэн тодорхойлох вэ?
-Бидний мэдэрхүй, үзэж харсан зүйлсийн  хариу  болж үүссэн олон төрөлт  шинжтэй их эмх цэгцгүйг оюун санааны  логик хэлбэрт хувиргахыг шинжлэх ухаан гэнэ. Түүний тогтолцоонд хүний үзэл бодол ч, биеэр туулсан бүхэн ч онол, зохион байгуулалтад захирагдах ёстой. Гэхдээ мөнөөх онол гээч нь бас л ялгаагүй хүний бүтээл гэдгийг мартаж болохгүй. Шинжлэх ухаан гэдэг ерөнхийдөө таамаглалын ухаан юм. Дуусах нь үгүй асуулт, эргэлзээ тээнэгэлзлээр л дүүрэн эд дээ.

-Шинжлэх ухаанч болъё гэсэн бодолтой залууст юу зөвлөх вэ?
-Шинжлэх ухаанд амжилт гаргах магадлал тун бага. Төрөлхийн авьяастай, онцгой чадвартай хүмүүст ч энэ хамаатай. Энэ салбарт ажиллая гэсэн хүнд зогсолтгүй хөдөлмөрлөхийг л зөвлөх байна. Тэгвэл авьяас билгийн тэнгэр ивээгээгүй байлаа ч зорьсондоо хүрэх боломж бий. Гол нь хийж бүтээж чадахаасаа илүү их зүйлд зорь. Харин түүндээ хүрч чадах, үгүйг гагцхүү зөн билэг л мэднэ.

-Эрдэмтэн, судлаачдын амьдрал ахуй хүндхэн байдаг шиг санагддаг.
-Шинжлэх ухааныг ахуй амьдрал хөдөлгөгч гэж үзэхгүй бол хэчнээн гайхамшигтай зүйл болохыг нь ойлгоно. Цаашид боломжтой хэмээн бүрэн итгэлтэй байгаа зүйлээрээ л хүн амьдралаа залгуулах ёстой. Хэн нэгэнд  өртэй мэт ажиллаагүй цагт л шинжлэн судлах, танин мэдэхийн жаргал мэдэрч болно.

-Тэгэхээр шинжлэх ухаанд хүчин зүтгэсний дүнд сэтгэл хөдлөм юу ч юм мэдрэгдэх нь, тийм үү?
-Тэр сэтгэл хөдлөм зүйл нь үнэндээ их ажлын үр дүн биш юм. Харин бүтээж туурвих явцад юмсын учир шалтгааныг олох гэсэн тэмцэл зүтгэл, зовнил шаналал л,хүчин чармайлт  хамгийн амттай байдаг юм. Хаа нэгтээ байгаа тогтонги, цэвэр  мэдлэгийн төлөөх улайрал л шинжлэх ухааны хөгжлийг хөдөлгөгч гол хүч гэдэгт би бат итгэсээр ирсэн.

-Гэхдээ шинэ мэдлэг, өөрөөр хэлбэл нээлт л шинжлэх ухааныг залж байгаа бус уу?
-Нээлт гэдэг үг өөрөө их эмгэнэлтэй  юм. Нээлт гэгддэг олон зүйлийн дийлэнх нь хэдийнээ бий болчихсон, бага ч атугай танил болсон зүйл байдаг. Тиймээс мартагдаж, алдагдсан зүйлийг олно гэдэг үнэндээ нээлт биш юм.

-Эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх багш ямар байх ёстой гэж Та боддог  вэ?
-Мэдлэгтэй шавь нараа  ойлгох сэтгэлтэй байх нь ихэнх  хүний боддог шиг багш хүний гол үнэт чанар биш юм. Харин өөрөө зогсолтгүй эрэлхийлж, суралцах нь л багш хүний шавь нартаа барих хамгийн том бэлэг болно. Тэгж байж л багш өөрөө шавийнхаа бүтээлч сэдлийг сэрээж чадна . Гэвч ихэн багш  шавь нараа юу мэдэхгүй байна вэ гэдгийг шалгах гэж л хамаг цагаа бардаг нь харамсалтай.

-Сурган хүмүүжүүлэх ухаанд шалгалт шүүлэг хэр тустай вэ?
-Би шалгалт шүүлгэлтийг эсэргүүцдэг хүн. Шалгаж байцаах нь хүнийг сурах хүсэлгүй болгодог. Коллеж, их сургуулийн оюутнуудыг 1-2 удаа л шалгадаг байх хэрэгтэй. Минийхээр илүү олон семинар, лекц зохион байгуулж, хэн идэвхтэй оролцсонд нь диплом олгодог байх хэрэгтэй.

-Шинжлэх ухаан урлагтай холбоотой гэж Та үздэг?
-Техникийн мэдлэг, чадвар эзэмшсэн хэн ч шинжлэх ухаан, урлаг хоёр  хоёуланг нь хүний бүх мэдрэхүйн нэгдэл гэдгийг ухаардаг . Хамгийн сод, гарамгай эрдэмтэд үнэн хэрэгтээ олон талт мэдлэгтэй уран бүтээлч юм.

-Хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэг одоо ямар түвшинд байна вэ?
-Шинжлэх ухааны салбарт ажилласан энэ олон жилийнхээ эцэст би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Бидний шинжлэх ухаан гэж нэрлэдэг бүхэн бодит байдалтай харьцуулахад үнэндээ тун болхи, даанч балчир хүүхдэрхүү  зүйл юм. Гэвч энэ нь одоогоор хүн төрөлхтөнд байгаа хамгийн үнэт өв юм даа.


Эйнштейнээс эш татах нь
•Зальжин этгээд юмсыг нүсэр том, хэт ээдрээтэй, сүрдмээр болгодог. Гагцхүү суут ухаантан л юм бүхнийг хялбарчилдаг.

•Төсөөлөл мэдлэгээс эрхэм


•Би бурхны бодлыг л мэдэхийг хүсэж байна. Буй бүхэн түүний бодол санааны ердөө хэлтэрхий төдий юм.


•Хүний цор ганц үнэт зүйл бол зөн билэг.


•Өөрийнхөө гадна амьдарч сурсан үед л хүн жинхэнэ утгаараа амьдарч эхэлдэг.


•Би ирээдүйн тухай огт боддоггүй. Учир нь тэр дэндүү хурдан хүрээд ирдэг юм.


•Ертөнцийн туйлын ганц нууц нь түүний хэт ойлгомжтой байдал.


•Шашингүй шинжлэх ухаан үнэмшилгүй, шинжлэх ухаангүй шашин сохор байдаг.


•Бүтээлч байхын гол нууц нь эх сурвалжаа нууж сурах чадвар юм.


•Суралцахад минь саад болдог нэг л зүйл байдаг нь миний боловсрол.


•Шинжлэх ухааныг ерөнхийд нь дүгнэвэл үзэл бодлоо өдөр бүр шинэчлэх үйл явц юм.


•Дэлхийн III дайнд ямар зэвсэг ашиглахыг би мэдэхгүй. Харин IV дайнд мод, чулуухнаар л зэвсэглэнэ гэдэгт өчүүхэн төдий ч эргэлзэхгүй байна.


•Сургуульд сурсан бүхэн мартагдсан хойно үлдэж хоцрох зүйлийг л бид боловсрол гэж нэрлэдэг.


•Амжилтыг А-гаар төлөөлүүлбэл энэ нь X, Y, Z гурвын нийлбэр юм. Хөдөлмөрлөх нь X, хөгжилдөх нь Y. Харин Z нь амаа хамхих.


•Хоёр зүйлд л хязгаар гэж үгүй. Нэг нь сансар огторгуй, нөгөө нь хүний тэнэглэл. Гэхдээ хоёр дахь нь илүү гэж би эмээж байна.


•Бүхий л айдсаас хамгийн утгагүй нь үхлээс айх юм. Үхсэн хүн угаасаа алзахгүй шүү дээ.


•Хамгийн төгс төгөлдөр, гоо сайхан зүйл бол нууц. Нууцлаг байдал л жинхэнэ урлаг болоод бүх шинжлэх ухааны эх билээ. 

Comments

Popular Posts