ХҮМҮҮС ЯАГААД ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛДОГ ВЭ?

Гэрчүүдийн нүдэн дээр хүн гэнт алга болох явдал түүхэнд багагүй бүртгэгдсээр
ирсэн ч өнөөг хүртэл эл нууцлаг үзэгдлийн учрыг тайлж чадаагүй байна. Анхны ийм тохиолдол эртний Грект болжээ. Нэгэн тулааны үеэр бие бие рүүгээ жад шидэлцэж асан хоёрын нэг нь гэнэт агаарт замхран оджээ. Гартаа барин тулалдсан зэвсэг, бамбай, дайсан руугаа шидсэн жад бүгд тухайн газар байр байрандаа үлдсэн боловч эзэн нь өөрөө ор мөргүй алга болсон байна. Эрт дээр үед ийм байдлаар алга болох үзэгдэл байнга шахам тохиолдож байсан ч орчин тойрныхон нь ер бусын гэхээр зүйл ердөө ч олж хараагүйг түүхэнд тэмдэглэн үлдээжээ. XVIII зуунд Австрийн ордны чухал даалгаврыг биелүүлснийхээ дараа гэрийн зүг зорьсон Британийн дипломатч Бенжамен Бетхарст Германд гэнэт сураггүй болсон юм. Найзтайгаа дөрөө нийлсэн тэрбээр Германы Перельберг тосгоны дэн буудалд хоол идэхээр буудалласан байна. Хоолны дараа Бенжамен сүйх тэргэндээ буцан ирсэн ч морин дээр нэг мордож үзэхээр шийджээ. Хөллөгөөтэй морины нэгийг илэх тэр агшинд дипломатч Бенжамен агаарт замхран холдохыг найз нь хараад гайхаж алмайрсандаа юу ч хэлж чадаагүй гэнэ. Тэрбээр хэсэг хугацааны дараа ухаан орж дэн буудлын дэргэд байсан хүмүүсийг дуудаж тусламж хүссэн боловч хэдийнэ оройтсон байжээ. 1987 онд Парист эмч Бонвилений нүдэн дээр бас л оньсого шиг зүйл явдал болжээ. Тэр орой Люсен хөрш эмчийндээ очиж биеийн байдал сайнгүй байгаагаа хэлэн зөвлөгөө авахаар очсон байна.
Эмч түүнд хувцсаа тайлан орон дээр хэвтэхийг хүсээд үзлэг хийхийн тулд ширээн дээрх чагнуураа авахаар хэдэн секунд саатжээ. Эмчийг буцаад орны дэргэд иртэл өвчтөн ул мөргүй алга болсон баж. Хажуугийн сандал дээр өвчтөний хувцас тэр чигээрээ байсанд гайхаж шогширсон эмч хөршийнхөө гэрт очин үзтэл бас л олдсонгүй. Аргаа баран цагдаад хандан сураггүй болсон өвчтөнийг хайсан ч үр дүнд хүрээгүй аж. Нүцгэн хүн чухам хаашаа алга болсон нь ингээд л оньсого хэвээр үлдсэн байна. Хүн бүхний мэдэх хамгийн алдаршсан гэнэтийн алга бололт 1880 онд Америкийн Теннесси мужийн Галлатин хотхоны орчимд суурьших Дэвид Лэнгийн ферм дээр тохиожээ. Хоолныхоо дараа аяга тавгаа угаасан фермер Лэнг эхнэрийн хамт гадагш гарчээ. Эхнэр Эмма хашаан дотор тоглох хүүхдүүдийнхээ хажууд очиж, нөхөр нь нугад бэлчих морио авахаар дөхсөн аж. Гэрээсээ хэдэн метр газар хороосны дараа Лэнг түүний найз, шүүгч Огест Пек хүргэнтэйгээ хоёр дугуйтай тэргээр явж байхыг харжээ. Тэд ч фермер рүү чанга гэгч нь хашгирч гараа даллан мэндчилэхэд Лэнг хариуд нь мөн л гараа даллан морин дээрээ очилгүйгээр зочдоо угтаж авахаар гэрээдээ алхжээ. Гэвч хэдэн метр алхаад л Лэнг таван хүний нүдэн дээр гэнэт агаарт уусан алга болсон байна. Эмма нөхрийгөө нүхэнд ойччихлоо гэж айсандаа чанга дуугаар хашгирч, тэнд байсан бүх хүн Лэнгийн алга болсон газрыг нэгд нэгэнгүй онгичсон ч тусыг эс олжээ. Тэнд хүн уначихаар ямар ч нүх сүв байсангүй. Лэнгийн хөршүүд хотын оршин суугчид нийлсэн эрлийн баг хэдэн өдөр ойр орчмын газрыг нэгжээд ч эрэл амжилтгүй өндөрлөсөн байна. Хэдэн сарын дараа Лэнгийн хүүхдүүд аавынх нь алга болсон гэх тэр газрын өвс шарласныг анзаарчээ. Тэрхүү нууцлаг газар тэр цагаас хойш ямар ч өвс ургамал ургасангүй, нэг ч амьтан, шавьж хорхой ойртоогүй гэнэ. Лэнгийн хэрхэн сураггүй болсон талаар тухайн үеийн Америкийн бүх хэвлэл нүүрээ хатамлалгүй нийтэлж, олон тооны таамаглал дэвшүүлсэн боловч аль нь ч фермерийг чухам яагаад гэнэт алга болсны учрыг тайлж чадаагүй юм. 1889 оны долдугаар сарын 30-нд Английн ''Дэйли Кроникл'' сонинд одоо ч оршин тогтнож буй алдартай ''Макмиллан'' хэвлэлийг үүсгэн байгуулагч гэр бүлийн гишүүн Дэвид Макмиллан гүвээ өөд өгсөн салхинд гарч явахдаа анд нөхөд рүүгээ гараа далласнаа агаарт уусан алга болсныг мэдээлжээ. Түүнийг ихэд хичээнгүйлэн эрж хайн, өндөр шан харамж амласан ч мөн л амжилт олоогүй ажээ. Ялангуяа АНУ -ын зүүн хойд хэсэгт орших Вермент мужийн Беннингтон хотхоны орчимд олон хүн алга болсон учраас сэтгүүлчид тэр газрыг усан онгоц, зорчигчдын онгоц ямар ч ул мөргүй болдог Бермудын гурвалжинтай ижилсүүлэн Беннингтоны гурвалжин хэмээн нэрлэсэн байдаг. Беннингтоны гурвалжин дахь цэцэрлэгт хүрээлэн, байшин, гудамж, шатахуун түгээх станц зэргийн орчмоос хүмүүс олон удаа алга болжээ. 1949 оны арванхоёрдугаар сарын 1-нд цэрэг Жеймс Тетфорд Албанигаас Беннингтон орох автобусаар зорчиж явах үедээ 14 хүний нүдэн дээр гэнэт сураггүй болжээ. Бүх зорчигч түүнийг суудал дээрээ хэрхэн суусан, автобус хөдөлснөөс хойш үүрэглэж эхэлснийг нь хүртэл харжээ. Автобус замдаа нэг ч зогсолгүй цаг орчим явсаар Беннингтонд ирэх үед Тетфорд суудал дээрээ байхгүй байж. Түүний цүнх суудлын тавиур дээр урьдын хэвээрээ, харин Тэтфордын суудал дээр үрчийж хорчийсон сонин л үлджээ. Беннингтоны гурвалжингийн хамгийн залуу хохирогч нь найман настай Пол Жексон юм. Тэрбээр 1950 оны аравдугаар сарын 12-ны гэрийнхээ гадаа тоглож байгаад гэнэт хаашаа ч юм алга болсон байна. Хүүгийн ээж гахайгаа усалчихаад хүүгээ дуудахад хариу өгөөгүй аж. Сандарч мэгдсэн бүсгүй хавь ойрын бүх хүнийг дуудаж тусламж эрсэн боловч хүү олдохоосоо өнгөрсөн байжээ. Хэдэн өдрийн турш цагдаа, аврагч, сайн дурынхан хайгуул хийсэн ч үр дүнгүй хоцорчээ. Америкийн бусад газарт ч хүмүүс алга болсоор л байв 1975 онд Жексон Райт эхнэрийн хамт Нью-Жерсигээс Нью-Йорк орохоор форд загварын машинаар аялжээ. Линколины туннелийн дэргэдүүр өнгөрөх үед машиных нь цонх цантаж эхэлсэн тул Райт замын хажууд машинаа зогсоон эхнэрээ цонхыг арчихыг гуйв. Марта Райт машинаас даавууны өөдөс аван цонхонд дөхөж очих үес гэнэт үгүй болжээ. Юу болсныг сайн ойлгоогүй нөхөр нь машинаас гарч хавь ойрыг нэгжсэн ч эхнэрийнхээ сургийг гаргаж эс чаджээ. Райт зэргэлдээ явсан цагдаагийн эргүүлийн машиныг дуудан эрсэн ч бусад алга бололтын нэгэн адил амжилт олоогүй юм.
Гэрчүүдийн баталснаар ховорхон тохиолдолд иймэрхүү алга бололт ямар нэг дуу авиа, гэрэл гэгээ дагуулдаг аж. Эдүүгээ эрдэмтэд ямаршуу байдлаар хүмүүс ор мөргүй болдогт тодорхой хариулт өгч чадахгүй байна. Зарим судлаачид орчлон ертөнцөд одод болон тэдгээрийн систем, бүхэл бүтэн галактикийг шингээх чадвартай хар нүх үүсдэгтэйн адил хүнд ч бас субмолекулын төвшинд ийм нүх бий болдог байж болзошгүй хэмээн үздэг. Ийм нүхнүүд л хүнийг гаднаас нь ямар ч ул мөр үлдээлгүйгээр шингээж авдаг бололтой. Дээрхтэй санал нийлдэггүй зарим эрдэмтэд хүмүүсийн гэнэтийн алга бололтыг харь гарагийнхантай холбон тайлбарладаг. Харь гарагийнхан хүмүүс дээр туршилт хийхийн тулд хулгайлдаг хэмээн үздэг аж. Гэсэн хэдий ч энэ бүхэн бүгд таамаглал. Харин оньсого мэт алга болох үзэгдлийн хувьд өнөөг хүртэл хөшиг хаалттай байсаар л...

Comments

Popular Posts